31, May 2023
Б.Сувд: Номын баяраар илүү онцлог, содон бүхнийг хүргэхийг зорилоо

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Номын соёлт ертөнц” ТББ-аас 32 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр гурав дахь өдрөө Д.Сүхбаатарын талбайд үргэлжиллээ.

Энэ үеэр “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувдаас дараах мэдээллийг тодруулсан юм.

-“Номын баярыг” санаачлан 33 дахь удаагаа зохион байгуулж буй хүний хувьд энэ удаагийн номын баяр ямар онцлогтой болсон гэж бодож байна вэ?

-Өмнөх жилүүдийг бодвол 33 дахь удаагийн номын баяр илүү өргөн дэлгэр боллоо. Нийслэлийн иргэдээс гадна хөдөө орон нутгаас олон хүн зорин ирж оролцож байгаа нь илүү их уншиж байгаагийн баталгаа болж байна. Нийт иргэдийн 50 хувь нь хүүхэд залуучууд байгаагаас үзвэл уншигчдын нас залуужиж байна. Номын баяраар илүү онцлог, содон бүхнийг хүргэхийг хичээж, олон төрлийн үйл ажил зохион байгууллаа. “Өглөөний уншлага” хөтөлбөр, “Ном хож” нэвтрүүлгийг тайзнаас явуулсан. Өсвөр насны хүүүхдүүдийн тоглолт, “Хаврын найраг” шүлгийн уншлага, номын баярын аялал зэрэг олон шинэлэг хөтөлбөрийг танилцууллаа.

Үндэсний номын баярын нээлт Говьсүмбэр аймаг буюу Чойроос эхэлсэн. Дээдийн ном гэсэн сайхан газраас номын баяр нээлтээ хийсэн бол энэхүү аймгийнхан зохиол, уран бүтээлээ нийслэлд ирж танилцууллаа. Мөн хөдөө орон нутгийн клубүүдээс хүүхдүүд ирж оролцсон. “Номын баяр-Бидний аялал” автобус захын хорооллоос хүүхдүүдийг номын баярт зочлон ирэх боломжийг олголоо. Номын баярын үеэр олон шинэ ном нээлтээ хийж уншигчдад хүргэлээ. Байгууллагууд номын баярт өөр өөрийн хөтөлбөртэй оролцож байгаа нь дэвшил юм. Намрын номын баяр маань гадаад харилцаа сайтай, илүү өргөн дэлгэр болох байх. Ямар нэгэн баяр дуусахад дараагийн зорилтоо тавьж эхэлдэг. Энэ өдрүүдэд гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагаа өрнөлөө.

Номын баярыг зохион байгуулахад “Номын ертөнц” номын клубийн оюутан сурагчид болон сайн дурын ажилтнууд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаа хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй  ажиллав?

-Манай “Номын ертөнц” клуб өнгөрсөн жил 100 хүүхэдтэй номын баяраа зохион байгуулж байсан бол энэ жил 250 хүүхэд баярын зохион байгуулалтад ажиллалаа. Энэхүү номын баярын үйл ажиллагааныхаа тухай дүгнэлтийг 6 дугаар сарын 3-нд танилцуулна. Нийт 17 багт хуваагдан ажилласан хүүхдүүд юу хийснээ тайлагнана.

-Номын баярт төрийн байгууллагуудтай хэрхэн хамтрав?

-Өмнөх жилүүдтэй харьцуулбал төрийн байгууллагуудын хэм хэмжээ тогтсон нь ажиглагдлаа. Төрийн байгууллагуудаас Үндэсний статистикийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо анх удаа оролцож иргэдэд мэдлэг мэдээлэл хүргэсэн. Энэ жил Улаанбаатар хотын захиргаатай хамтран нийслэл хотоо сурталчлан таниулах ажлыг зохиол бүтээлдээ шингээж буй хэвлэн нийтлэгч зохиолчийг алдаршуулахаар болсон. Хаалтын үеэр 33 дахь жилдээ хөтөч, орчуулагч хийж буй ахмад хөтөч А.Цэрэнчулуунд грант олгох юм. Энэ хүн 33 жил зохиол бүтээлээрээ Улаанбаатар хотын түүх соёлоо гадаадын жуулчдад танилцуулах ажлыг хийсэн хувь нэмрийг нь үнэлж ийнхүү сонгосон. 

-Номын баярыг 180 мянган хүн зорьж ирдэг гэсэн судалгаа гарсан байсан. Энэ тоо нэмэгдсэн болов уу?

-Номын баярыг энэ жил 200 мянган хүнд хүргэхийг зорьсон. Талбайд ирж байгаа хүмүүсийг харвал дөхсөн болов уу. Судалгааны үр дүнг МУИС-ийн Социологийн тэнхимтэй хамтран гаргах учир номын баярын дараа танилцуулна.

-БНСУ-д удахгүй болох номын баярыг зорих гэж байгаа гэж сонслоо. Гадаадад болдог номын баяраас туршлага хуримтлуулж ирэх нь дамжиггүй?

-БНСУ-д зургаадугаар сарын 14-18-нд болох номын баярт очих боломж энэ удаагийн баяраар нээгдэж байна. БОАЖЯ-наас нэг хүний онгоцны зардлыг даахаар болсон нь төр засгаас анхаарал хандуулж, гадаад харилцааг тэлэхэд дэмжлэг үзүүлж буй алхам гэж үзэж байна. Тиймээс намрын номын баяраар олон хөтөлбөр үйл ажиллагааг зохион байгуулахыг зорьж байна.

erhes jagaa

View All Post

Leave a Reply

Your email address will not be published.